Sunday, September 25, 2011

"Цахар" шүлэг Ч.Мягмарсүрэн

Ихэр зургаан түмэн
Үхэрийн бөөр шиг монгол
Цахар удмын гавьяаг
Охор бүү сэтгэтүгэй
Чахар чахар явдалтай
Хааны гэр тэргэн
Цахар миний удам
Хөөглөж явсан үлгэр буй
Ахар хурган эсгий
Даян хааны үхэгт
Цахар түмний нэмэр
Жавар хаасан домог буй
Өгсөж явсан гүрэн
Хагсаж унахын дэнсэнд
Төрийн бүслүүр чангалахаар
Түрхэрч боссон цахар
Дуутай суутай гүрний
Луутай илдээр цавчихад
Цөстэй төрөө хаацайлж
Цустай унасан цахар
Манж хаадын нүүрэнд
Цөлөгдөж төөрсөн цахар
Гүнж дэлхийн бөөрөнд
Тэлэгдэж цөөрсөн цахар
Дэгжиж босдоггүй монголоосоо
Зовлонг нь өвлөсөн цахар
Нэгжиж болдоггүй сэтгэлдээ
Тамгыг нь хадгалсан цахар
Ихэр зургаан түмэн
Үхэрийн бөөр шиг монгол
Цахар миний үгийг
Охор бүү сэтгэтүгэй
Нэгдэн босох монгол
Хасбуу тамгаа үгүйлбэл
Лигдэн хутагтын удмаас
Асуутугай, автугай
Тулгуур Чингисийн тамга
Итгэж болно цахарт бий.
Тулгар эхээс хөвүүн нь
Атгаж төрнө аюутугай.

Sunday, April 10, 2011

Сумын заан

Хол явж барилдаагүй
Сумын заан
Хот орж зодоглоогүй
Сумын заан
Армийн гурван жил
Хил дээр зогсож
“Аз дутаж”
“Алдарт” ороогүй
Сумын заан
Ардын их баяр наадмаар
Аваргуудыг
“Араажаваар” цоллоход
Өөрийгөө цоллосон юм шиг
Баярладаг
Гуяа алгаддаг
Сумын заан
Эмээл дээр төрсөн юм шиг
Эрэлд явж
“Эр бор харцага”-ыг
Тэрлэгээ гандтал
Хээр дуулж,
Морь шинжиж
Өссөн, бас
Өтлөх
Сумын заан
Хорьтойдоо, сурсан
Ганц мэхээ
Хориогүй хийдэг
Хорьсон ч бас хийдэг
Хийхээрээ давдаг
Заргүйгээс
Залууг
Зартайгаас
Зааныг ч давдаг!
Ганц тэр мэх нь
Гар дунгуй
Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл бардам зан,
Хүүхнүүдийн харц
Дуртай нь ч бас
Дунгуйлдаж хаячихаад,
“Манаатай хө” гэж алга болчихоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
Дээш арсаж зодогловол
Дэвжээ нь үгүйлэх
Сумын заан
Өөдөө өгсөж барилдвал
Өвгөд нь үгүйлэх
Сумын заан.
Хүүхдүүдээ эрхлүүлж
Хүзүүн дээрээ мордуулж
Сур элдэж
адуу дэллэж,
Сураг тавьж
эрэлд явж
Сумандаа л барилдаж
Дандаа биш ч түрүүлж
Даага хөтөлсөн
Сумын заан.
1987 он.   

Tuesday, April 5, 2011

Манай сум

Нутаг дэвсгэр 4394 км2.

Хүн ам 5798 /2009 оны байдлаар/.

Мал сүргийн тоо толгой 240351 /2009 оны байдлаар/.

Нутгийн захиргааны бүтцийн хувьд Өндөр-Улаан сум нь Бэлхи, Азарга, Донгой, Хануй, Баянгол хэмээх багуудтай.

1931 онд Хан-Өндөр уулын хошуунаас байгуулагдсан. Хануй сум 1959 онд Бугат, Өндөр-Улаан сумаас тасалж байгуулаад 1961 онд Өндөр-Улаан суманд буцаж нийлсэн.

Өндөр-Улаан сумын нутаг нь хуучнаар Сэцэн Чин вангийн хошуу, Шива Ширээт хутагтын шавь.

Хангайн нурууны салбар олон уултай. Чулуут, Хануй голын хөндийнүүдтэй. Чулуут, Хануй, тэдгээрийн цутгал олон голтой.

Сумын төв нь Баянгол аймгийн төвөөс баруун хойш 122 км зайтай оршдог.

Wednesday, March 30, 2011

Компьютер


Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ.Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.
Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг маш жижиг төхөөрөмжүүд юм. Жишээ нь, тусгай зориулалтын компьютерууд нь үйлдвэрийн машинууд, дижитал аппаратууд, хүүхдийн тоглоомуудад байдаг.
Компьютеруудын программууд гэдэг нэртэй заавруудыг хадгалах ба үйлдэж чадах явдал нь тэдгээрийг маш олон чадвартай болгодог ба тооны машинуудаас ялгадаг. Чурч-Турингын онол нь энэ чадварыг тодорхойлсон математикийн баримт юм:
"Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалгаврыг биелүүлж чадна."
Энэ нь, персонал дижитал туслагчаас авахуулаад суперкомпьютер хүртэлх хүчин чадал ба багтаамжтай компьютерууд бол нэгэн адил үүрэг даалгаврыг хэрэгцээт багтаамж, цаг хугацаатайгаар биелүүлж чадна гэсэн үг юм.